Pages

Wednesday, August 30, 2017

Хүсэл, зорилго


Хүнд байх ёстой, мэдрэх ёстой, тэмүүлэх ёстой зүйлсийн нэг бол яах аргагүй хүсэл мөрөөдөл мөн. Түүнгүйгээр хүн угаасаа урагшлахгүй. Сүүлийн үед нэлээд их бодож байгаа зүйлийн маань нэг юм л даа. Хүсэж мөрөөдөж байсан зүйлээ гартаа оруулчихсан цагт нөгөө их тэмүүлэл, зорилго нь алга болчихсон мэт санагдаад аль эсвэл амжилтандаа ханаад буруу тийш хазайгаад эхэлдэг. Бушуухан дараагийн хүслээ , зорилгоо олж авахгүй бол нэр алдарт хүрсэн зарим хүмүүс шиг архи, зугаа цэнгэл, хар тамхи гээд буруу тийшээ яваад өгөх хандлага байдаг.

Хүүхдээ хүсэл зорилготой байлгая гэж бодож байвал хичнээн боломжтой байсан ч дутуу дулимаг байлгах хэрэгтэй гэж бодогдоод байгаа. Хүн гэдэг чинь өөрт байхгүй юмаа олж харж, өөрийн хийж чадахгүй байгаа зүйлээ хийж чаддаг болох гэж, очиж үзээгүй газраа очиж үзэх гэж тэмүүлдэг юм. Гол нь тэр зүйлдээ өөрийн хичээл зүтгэлээр, зөв замаар хүрэх ёстой гэдгийг л ойлгуулж хүмүүжүүлэх хэрэгтэй. Энэ тал дээр миний нүд саяхан нээгдсэн л дээ хэхэ. Миний хамгийн ойрын нэг хүсэл бол гэр бүлээрээ эндхийн Солонгон гүүрийг (Rainbow bridge) явганаар туулж гарах юм. Аль хэдэн жилийн өмнөөс бодож ирсэн ч биелүүлээгүй байгаа. Нэг бол цаг агаарын байдал, нөгөө бол өнөөх л цаг завны хомсдол гэсэн шалтгаанаар. Тэгээд том охиндоо хэлтэл би таны хүслийг биелүүлэхэд оролцож болно л доо гэхдээ миний хүсэл бол биш шүү дээ гэж хэлсэн. Энэ үг ихийг бодуулсан. Би өөрийнхөө хүслийг биелүүлэх гээд хүүхдээ хүчлээд байгаа байх нь. Хагас бүтэн сайн бүрт хаа нэг тийшээ дагуулж явж нүд чихийг нь баясгах гэдэг маань явж явж миний өөрийн хүсэл байх нь. Том охин маань бол гэртээ дуртай юмаа хийж өнжих хүсэлтэй, даалгавраа яаралгүй аажим хийх бодолтой байх нь гэдгийг ойлгосон. Бага байхад би хагас бүтэн сайнаар аав ээжтэйгээ, гэр бүлээрээ гадуур гарахыг маш их хүсдэг хүүхэд байлаа. Хамт музей үзэх, уулаар алхах гээд л.   Гэвч аав ээж 2 маань ажил ихтэй, дүү нар олонтой болохоор нөгөө хэд нь манайд ирцгээгээд юун гарч орох манатай. Тэгээд л дотроо том болоод гэр бүлтэй болохоороо амралтын өдрөө үр бүтээлтэй өнгөрөөх юм шүү гэж боддог байлаа, ингэж л гэрт сууж нөгөө л нэг хийдэг ажлаа хийж өнгөрүүлэхгүй юм шүү гэж хүсээстэй. Миний хүүхэд нас охины маань хүүхэд насны эсрэг байж. Өөрийнхөө багадаа хүсч байсан юмыг охин маань хүсч л байгаа гээд автоматаар бодоод амралтын өдрүүдээр гэрт суухаар гадуур дагуулж явахыг илүүд үздэг байж. Магадгүй миний охин том болоод гэр бүлтэйгээ амралтын өдрүүдээ гэртээ сайхан өнгөрүүлээд тус тусдаа хийх дуртай юмаа хийж байх юм шүү гэж бодож байгаа даа. Өдий олон жил болж байж ухаарлаа. Хожуу ч гэсэн ухаарсандаа талархав. Бага байхад худалч хүнд бараг сард нэг л удаа аав ээж тулж ажилладаг байж, бусад үед эгч нарт даатгаад л. Минийхээр бол надад арай илүү анхаарал тавьсан бол гэж бодоостой.  Охиддоо тийм бодол төрүүлэхгүйн тулд аль болох бүх юманд нь оролцож, тусалж байна гээд өмнүүр нь хийж өгч байснаа ойлгосон. Хүүхэддээ туслах биш, хүүхдээ хорлоод байгаа мэт санагдав. Миний одооны мэргэжил бол би өөрөө хүсч мөрөөдөж эзэмшсэн юм биш, аавын минь хүсэл. Хүчээр шахуу эзэмшсэн мэргэжил, мэдээж эцэст нь харамсаж цаг алдахгүйн тулд сонирхолтой чиглэлээ олоод авсан л даа. Хүмүүс өөрөө эзэмшиж чадаагүй мэргэжлээ хүүхдэдээ эзэмшүүлнэ гэдэг үзэл их нийтлэг байдаг даа. Манай их сургуулийн ангид л гэхэд тэн хагас нь урсгалаараа, эсвэл аав ээж нь ор гэсэн, эсвэл энэ сургуульд орох суурь хичээлүүдэд сайн байсан гэх мэт шалтгаанаар элсэж орж ирсэн ба өөрөө хүсч тэмүүлж сонгосон мэргэжил нь биш байсан. Тэгэхээр хүүхдээ хүчлэх нь маш буруу, хүүхэд чинь хичнээн таны үргэлжлэл ч гэлээ бие даасан хүн бөгөөд өөрт нь бас хүсэл мөрөөдөл байгаа. Тэр хүслээ биелүүлэхэд нь битгий саад бол. Хүний өмнөөс ажил мэргэжлийг сонгож өгнө гэж юу гэсэн үг вэ? Зүгээр сайхан чиглүүлээд өгөх хэрэгтэй, сүүлд нь танаас болж би ийм байна гэсэн үг сонсохгүйн тулд өөрт нь сонголт хийх боломжийг өгч хариуцлагыг нь өөрт нь үүрүүлэх хэрэгтэй гэж бодох болсон. Мөн бага байгаа дээр нь хэт их хангамжтай байлгаж хэт их эрхлүүлэх огт хэрэггүй. Хэтэрхий цатгалан хүнээс хүсэл мөрөөдөл төрөхгүй. Stay hungry, stay foolish гэж нэг хүн хэлсэн байхаа, ай даа тэр чинь шүү дээ. 

3 comments:

  1. бас багаас нь сонголт хийлгэж сургах хэрэгтэй юм шиг санагдаад байгаа, би л гэхэд олон ах эгчтэй багаасаа эхлээд ядаж ч хувцасаа сонгохгүй өгснийг нь өмсдөг, шинээр авах бол эгч нар сонгож өгдөг байсан. Энд ирээд цор ганцаараа болсон чинь ядаж л размераа ч мэдэхгүй, ямар нэг дуртай стийл байхгүй ер нь юу ч чадахгүй мэдэхгүй гэдгээ 20 нилээд гарч байж л мэдсэн. Ийшээ ор гэхээр нь ороод төгсөөд өөрийн толгойгүй хүн боломж олдсон дээр нь гээд ирсэн мэргэшлээ ядаж төгсөнө дөө гээд л явж байна дөө. Ямар ч чиг хандлагагүй сүүлдээ өөртөө гутраад байна шүү кккк

    ReplyDelete
  2. тиймээ санал нэг байна. Би энэ мэргэжилдээ дуртай биш аав ээж л зүгээр орох уу гэхээр нь л орсон. Дургүй зүйлээ хийнэ гэдэг их хүч шавхсан зүйл байдагийг мэддэг хэрнээ л өдий хүртэл нь явсан юм чинь гээд зүтгээд л байна. Хүүхдүүдээ л өөрийнхөө алдааг давтуулахгүй юм шүү гэж боддог.

    ReplyDelete
  3. Гэхдээ мэргэжил сонголтон дээр бас ээж аав нар зөвлөх хэрэгтэй л дээ. Манай ээж бол чиний л 30н жил ажиллах ажил өөрөө сонго, юунд сонирхолтойдоо ор гсн. Би мэргэжилдээ харамсдаггүй, математикт дуртай, одоо хүртэл тэрүүгээрээ сураад явж бна. Гэхдээ харж бхад ихэнх хүүхэд дараа нь тэр мэргэжлээр төгсөөд ямар ажил хийхээ ч мэдэхгүй суурь хичээлүүдээ хараад л ороод ирсэн бдаг. Жишээ нь үндсэн чиглэл нь эдийн засагч боловч дотроо маш их салаалдаг. Тэр бүрийг монголд сургуульд зааж, ойлгуулдаггүй учраас ядаж ээж аав нар ийм мэргэжлээр сурвал ийм ажил хийдэг хүн болно шүү гэж тайлбарлаж өгөх хэрэгтэй гэж боддог.

    ReplyDelete